Огторгуйн нүхнүүд
Сансар огторгуй хэмжээлшгүй, нууцлаг, аймшигтай бас гайхамшигтай. Тэнд амьд биетийг тээвэрлэж, гэв гэнэт алга болгож, эсвэл өөр хэмжээст орон зайд шилжүүлж чадах үзэгдлүүд бий гэх. Хэрэв хар нүхэнд орвол сэмэрч урагдана. Өтний нүхэнд орвол орчлонгийн тэс өөр орон зайд илгээгдэнэ.Галактикийн дотор олзоо хүлээн хэвтэх энэрэлгүй мангас мэт, ойртон ирсэн юуг ч болов залгиж, ор мөргүй устгах аймшигт бүс бий. Тэр бол огторгуйн хамгийн нууцлаг, эвдэн сүйтгэгч үзэгдэл болох ХАР НҮХ юм. Хар нүхний татах хүч хэт их учир гэрэл хүртэл нэг л удаа сорогдсон бол хэзээ ч эргэн гарахгүй. Мөн нэрнийхээ адил хар учир түүнийг илрүүлэхэд хүндрэлтэй.
Нарнаас хэдэн арав дахин их, түүнээс илүү масстай аврага оддын мөхлийн үед тохиолдох цөмийн задралын үр дүнд хар нүх үүснэ. Насны тоо нь гүйцсэн аварга одод хүндийн хүчээ давалгүйгээр агшиж, тодорхой хэмжээнд хүрэх үед нэн шинэ одны дэлбэрэлт үүсгэдэг. Дэлбэрэлтийн аварга хүчний улмаас одыг бүрдүүлэх хий нисэн одож, үлдэх хүнд масс бүхий цөм нь хар нүх болон хувирна. Хар нүхийг 2 ангилдаг. Огторгуйд оршин буй хар нүхний ихэнхийг нарнаас 5-30 дахин их масстай, од хэлбэрийн хар нүх эзлэдэг. Ийм хар нүх Сүүн зам болон бусад галактик тус бүрт 100 сая орчим бий гэж үзэж байна.
Нөгөөх нь нарнаас хэдэн саяас хэдэн тэрбум дахин их масс бүхий аварга хар нүх юм. Ийм хар нүх Сүүн замаас авахуулаад бүхий л галактикийн төвд оршин байна. Хэдийгээр од хэлбэрийн хар нүхний адил оддын мөхлөөс үүдэлтэй боловч их тэсрэлтийн дараахан үүсч эхэлсэн нь тодорхой болсон байдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам галактикийн мөргөлдөөний үед их хэмжээний хийг сорсноор аварга том болтлоо өсч томорчээ. Харин галактикийн нас уртсах тусам аварга хар нүх "хоол тэжээл"-ээр хомсдож, галактикийн дараагийн мөргөлдөөн болох хүртэл идэвхгүй байдалд шилждэг.
Хүн хар нүхэнд сорогдвол (унавал) юу болох вэ гэдэг нь бидний сонирхлыг ихээхэн татдаг. Хэрэв хүн од хэлбэрийн хар нүхэнд сорогдвол толгой, хөлд нь өөр өөр хүндийн хүч үйлчлэх учир гоймон мэт уртсана. Эцэстээ биеийнх нь атомууд ч сунаж, сэмэрч урагдсанаар төгсөх болно. Харин хэт аварга нүхэнд сорогдвол сунах процесс арай сүүлд тохионо. Хүн ийм хар нүхний ёроол (singularity)-д хүрэх хүртлээ хүндийн хүчийг мэдрэхгүй. Өөрөөр хэлбэл жингүйдэж унах явцаа ажиглах боломжтой. Харин хар нүхний ёроолд хүрсний дараа нарийсан сунаж, нийтлэг төгсгөлөө угтах болно.
No comments:
Post a Comment